Нэг: ЗАВХАН АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХӨГЖЛИЙН ТОЙМ
- ЗАСАГТ ХАН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ТҮҮХ (1923 оноос өмнөх үе)
1691 оны үеэс Халх монголчууд Манж чин улсын эрхшээлд орж 200 гаруй жил нухлагдсан улс орны эдийн засаг, соёлын бүх хөгжил зогсонги байдалд орсон ч манай ухаант ард түмэн олон зуун жил уламжлан хөгжүүлж ирсэн соёл, боловсролоо хамгаалан хадгалсаар ирсэн. Тухайн үед шашны зүтгэлтнийг сүм хийдэд, засаг захиргааны албан хаагчдыг манжийн захиргааны албаны сургуулиар, жирийн ардын хүүхдийг цэргийн сургуулиар сургаж үндэсний хэл бичиг, тооны ухаан зааж, сургадаг байжээ. Засагт хан аймаг оршин тогтнож байсан сүүлийн жилүүдэд 40 гаруй хүрээ хийдэд хэдэн зуун лам сууж, шашны төрөл бүрийн эрдэм ухаанд суралцаж байжээ. Энэ үед монголын боловсрол манжийн дарангуйлал дор, шарын шашны хүчтэй нөлөөн дор байсан. Ийм хэцүү хүнд үед ч манай ард түмэн гэрийн сургууль, шавь сургалтаа хадгалан үргэлжлүүлж өсвөр хойч үедээ боловсрол олгосоор байжээ. Гэрийн сургалт нь манай нүүдэлчний амьдралд их зохимжтой байхын зэрэгцээ тодорхой цөөн хичээлд бүх анхаарлаа төвлөрүүлэн сургаж, суралцагчийг хэт их ачааллаар дардаггүй байжээ. 1-2 суралцагчийн хүрээнд сургалт явагддаг байсан нь чанартай сайн сурахын үндэс болж байв. Гэрийн сургалтаар дамжуулан алт мөнгөний дархан хийх, хээ угалз урлах, уран зураг, оёдол, уртын дууг зөв аялан дуулах, тууль хайлах, ерөөл магтаал хуурдан хэлэх, бөх, хурдан морины цол дуудах зэргээр авьяас сонирхолтой хүмүүст зааж сургахад гэрийн сургалт чухал үр дүнгээ өгч байжээ. Эрдэмтэн Ш.Шагдар, Л. Жамсран нарын бичсэн түүхэн номд “Засагт хан аймагт нэвтэрхий сайн багш Гэндэн, сургагч түшмэл занги Ойдовжамц, сургагч түшмэл Зайсан Насан нарын зэрэг олон сайн багш байсан нь манай хошуу, өртөөнүүдэд сургууль байсныг гэрчилж байна” хэмээн дурджээ. Засагт хан аймагт 1910-аад оны эхээр 200 гаруй хүүхэд сургуульд суудаг байсан байна.
1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаант Монгол улсын засгийн газар 1912 оноос эхлэн сургуулийн хэрэгт онцгой анхаарал тавьж эхэлсэн байна. Нийслэл хүрээ болон хошуу, шавиудад бичиг үсгийн сургууль байгуулах Богд хааны зарлиг 1912 оны эхээр гарч байжээ. “Засагт хан аймагт 1910 оны үеэр зарим сургуулиуд нээгдэж, 1917-1918 оны үед Засагт хан аймгийн нийт хошуу шавийн бараг тэн хагаст нь буюу 12 хошуу шавь сургуультай болсон байжээ.” гэж Завханы түүхэн номдоо судлаач Г. Очирбат нар бичсэн байна. “1925 оны дунд үе хүртэл Засагт хан аймаг оршин тогтнож байсан учир ардын засгийн анхны сургуулиуд Засагт хан аймгийн сургууль гэж байгуулагдаж байсныг дурдах хэрэгтэй юм” гэж эрдэмтэн Р. Маабазар Завхан аймгийн боловсролын хөгжлийн түүхэн номдоо мөн дурдсан байдаг .
- ШИНЭ ЦАГИЙН СУРГУУЛЬ БАЙГУУЛАГДСАН ҮЕ /1923-1940/
1921 онд Монгол оронд үндэсний ардчилсан хувьсгал ялснаар шинэ үеийн боловсрол, соёлыг үүсгэн хөгжүүлэх нөхцөл бүрдсэн билээ. Монголын Засгийн газраас 1921 оны 8-р сарын 14-нд гаргасан тогтоолдоо: “Олон хөвгүүд, охидын сургуулийн танхим байгуулж эрдмийн мөр хөөлгөх нь зүйтэй. Сургах хэргийг Засгийн газар эхлэн нарийн чанд дүрэм хэмжээг тогтоож улсын хуралд дахин үзүүлэн тогтоолгохоор хэлэлцэв” гэж заажээ. Ингээд 1921 онд анхны бага сургуулийн дүрмийг баталж, бага сургуулиудыг байгуулж эхэлсэн байна. 1921 оны 11 сард нийслэл хүрээнд бага сургууль байгуулахад Засагт хан аймгаас 6 хүүхэд очиж суралцан, Цогтой вангийн хошууны дэд зэрэгтэй түшмэл Дашзэвэг багш нарын бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байжээ.
1921-1925 оны хооронд байгуулагдсан 13 сургуулийн нэг Улиастай хотын бага сургууль байжээ. Энэ сургуулийг 1923 оны 1 сарын 18-ны өдөр 50 хүүхэдтэйгээр анх байгуулж, захирал багшаар Баатар, тайж Жанчив нар ажиллаж байв.
1973 онд Д. Ёндон нарын бичсэн Завхан аймгийн түүхэн тойм (10) номд дурдсанаар: 1921 оны 7 сарын 21-нд Ачит вангийн хошуунд залан Доржсүрэн багштай 8 хүүхэдтэй тэнхим, 2-р сарын 1-нд Цэцэн вангийн хошуунд тайж Санжжав багштай Бямбажав, Балжаа нарын 9 хүүхэдтэй тэнхим, тэрчлэн Дүүрэгч ван, Дархан бээлийн зэрэг газарт тэнхим нээгдсэн гэж дурдсан байна. Мөн Г.Очирбат нарын бүтээлд (10) дурдсанаар 1922 оны 11-р сард Хошууч бэйс Дашзэвгэ, гүн Цэрэндорж, далай түшээ гүн Содномванчигийн хошуудад бага сургуулийн тэнхим байгуулагдсан, хошуу бэйс Дашзэвгийн хошуунд лам Амарбат багштай Сандаг, Зэвэг, Ёндон, Шадав, Очирбат, Бэгзжав, Авхай, Дамдин- Абишагийн хошуунд 11 хүүхэдтэй бага сургууль нээгдсэн байна. 1923 оны 2 сарын 15-нд Аймгийн чуулган даргын газар “Да сайдын бага сургууль” нэртэй бага сургууль байгуулагдаж 25 хүүхэд сурч байсан нь одоогийн Чандмань-Эрдэнэ сургуулийн анхны үндэс суурь гэж үзэн, түүхээ хөгжүүлж байна.
Засагт хан аймагт ирж ажиллаж байсан Ардын засгийн газрын төлөөний түшмэл Эрэнжаваас 1923 оны 3-р сард Дотоод явдлын яаманд илгээсэн бичигт “Засагт хан аймгийн Цэцэн чин вангийн хошуунд тайж лам Санжаажав сургагч багштай 9-13 насны 9 хүүхэд, Чин ачит ван Гончигдамба агсны хошуунд залан тайж Доржсүрэн сургагч багштай 8 хүүхэд, Дайчин ван Жалчингомбодоржийн хошуунд захирагч Чагдаржав сургагч багштай 8 хүүхэд, Эрдэнэ Гүнсэнсүрэнгийн хошуунд 7 хүүхэдтэй бичгийн сургуулиуд байгуулагдсан”-ыг мэдэгдсэн тухай баримт бичиг байдаг байна. 1923, 1924 онуудад ихэнх хошуудад бага сургууль байгуулагдсан бөгөөд зарим хошуунд, тухайлбал Наран, Жаргалант уулын хошууны 11 сумд бага сургуулийн танхим байгуулагдсан байна. 1924-1925
онуудад Сэцэн Сартуул, Нөмрөг уулын хошуунд 25-30 орчим хүүхэдтэй танхимд хүүхэд суралцахын зэрэгцээ аймгийн төвийн бага сургуульд 50 орчим хүүхэд 2 багштай болсон байна. Аймгийн хэмжээгээр 500 орчим хүүхэдтэй 16 бага сургуультай болсон мэдээ байдаг. Ардын Засгийн газраас 1923 онд баталсан Нутгийн захиргааны дүрэм ёсоор аймаг, хошуу шавийн нэрийг хан, ван, хутагт, хувилгаадын нэрээр нэрлэж байсныг уул усны нэрээр солин нэрлэхэд Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг болгосон байна. Хантайшир уулын аймаг 1923-1931 оны хооронд гэгээрэл боловсролын асуудалд ихээхэн анхаарч иржээ. 1924 онд хуралдсан Хантайшир уулын аймгийн анхдугаар их хурал нэг бүтэн өдөр сургуулийн тухай асуудал хэлэлцэж сургууль нэмж байгуулах өргөтгөх, сургуулийн ажлыг сайжруулах, энэ үйл хэрэгт нам, эвлэл захиргааны байгууллагаас анхаарал тавьж байхыг чухалчлан, хошуудын эрх баригч нарт даалгасан байна.
1934 онд Говь-Алтай аймаг татан буугдаж Завхан аймагтай нийлснээр 37 сумтай нүсэр том аймаг болж 1940 он хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд Завхан аймгийн боловсролын түүхэнд одоогийн Говь-Алтай аймгийн зарим сумдын сургууль, боловсролын талаар нэлээд зүйл орсон байна. 1940 онд Говь-Алтай аймаг Завхан аймгаас туурга тусгаарласан байна.
1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар батлагдсан “БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд“ Сургуулийг сүм хийдээс тусгаарлаж, иргэдийг яс үндэс, эрэгтэй, эмэгтэй, язгуур угсаа ялгаварлахгүйгээр үнэ төлбөргүй сурах” эрхийг тунхагласан явдал манай орны ард иргэдийн урам зоригийг сэргээж сургуульд хүүхдээ сургах эрмэлзлийг бадраажээ. 1921 оноос мөрдөгдсөн бага сургуулийн дүрэм суралцагч нарт тавих анхаарлыг сайжруулах, сургалтын аргыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байлаа. Нам эвлэлийн байгууллагаас сургууль соёлын байгууллагыг өргөтгөн байгуулахад анхааран тусалж байсан нь ард иргэд сургуулийн ач тусыг аажмаар ойлгон дэмжихэд ихээхэн нөлөөлжээ. Сургуульд суралцагчдын суух орон байр, хоол хүнс, хувцас хэрэглэл, түлээ түлшийг хошууд бэлтгэн хангаж байсан явдал ард олны санаа бодол ашиг сонирхолд нийцсэн чухал арга хэмжээ болсон байна. Үүний үр дүнд сургуульд суух хүүхдийн тоо нэмэгдсэн. Мөн нэг хүүхдэд сар бүр сурахад нь 20 төгрөг, багшид 20-40 төгрөгний цалин олгож байсан нь багш, суралцагчийг ажиллах, сурах сонирхолд нөлөөлсөн юм. Энэ үед эрдэм боловсролтой гэгдэж байсан бичиг үсэг, тоо бодлого заах чадвартай тэдгээр хүмүүс тэр үеийн сургуулийг хөл дээр нь босгоход чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Анхны багш нарын тоонд Цэцэн сартуул хошууны сургуулийн багш Сэрээтэр, Нөмрөг уулын хошууны сургуулийн багш, бичээч Жамсранжав, мөн хошууны Идэр цэцэрлэг сумын сургуулийн багш Эрэнжав зэрэг хүмүүсийг зүй ёсоор орно гэж зарим судлаачид тэмдэглэсэн байна. 1920 оны эцэст бага болон бэлтгэл сургуульд 694 хүүхэд суралцаж байсны 653 нь ард, 41 нь тайж, 572 эрэгтэй, 122 нь эмэгтэй байсан тухай мэдээллийг судлаачид улсын архивын сан хөмрөгөөс олж тогтоосон байна.
1930 онд Засгийн газраас ардын гэгээрлийн ажлыг сайжруулах арга хэмжэээний талаар гаргасан тогтоолдоо дунд сургуулийг олшруулах тухай зааж Улаанбаатарт 2-р дунд сургууль , Баянтүмэн, Цэцэрлэг, Жавхлант (Улиастай), Жаргалант, Улаангом, Алтанбулагт дунд сургууль байгуулах заалт өгчээ. Үүний дагуу 1930 онд тус аймагт бүрэн бус дунд сургууль байгуулагдсан нь одоогийн Чандмань-Эрдэнэ сургууль юм. Энэ сургууль анх байгуулагдахдаа Ардыг бэлтгэх дунд сургууль , Аж ахуйн сургууль гэсэн нэртэй байсан бөгөөд захирлаар нь үлгэр жишээ дунд сургууль (Багшийн сургууль) төгссөн М.Ядамсүрэн, багшаар Буриад, Мишиг гэсэн хүмүүс ажиллаж байсан байна.
Манай улсын үндэсний түүхийн архивын сан хөмрөгт байгаа нэгэн баримтад “1930 онд Хантайшир уулын аймгийн “Жинхэнэ бага сургууль “ 12, бүх сурагчид 626 эрэгтэй 484, эмэгтэй 97, сургууль төгссөн эрэгтэй 32, эмэгтэй 2, өвчин болон бусад шалтгаанаар хасагдсан 24” гэсэн байдаг. 1930 оны 5-р сарын 4-нд бичсэн “Хантайшир уулын аймгийн бэлтгэл сургуулийн сурагчдын анкет”-д 12-19 насны 50 хүүхэд бүртгэгдсэн бөгөөд тэдний дотор хожим нь манай улсын нам төрийн өндөр албан тушаалд олон жил ажилласан Цагаанламын Дүгэрсүрэн, Чимэддоржийн Сүрэнжав, гавьяат багш болсон Баяны Чимэд нар бүртгэгдсэн байна.
Хамтрал коммуныг олноор байгуулж байсан 1930-аад оны үед хамтын аж ахуйн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой 1-2 жилийн хугацаатай “Аж ахуйн сургуул”-ийг орон нутагт олноор байгуулж,15-25 насны залуучуудыг хамруулан сургаж байжээ. 1933 онд хамтрал коммун тарахад татан буугдсан байна. 1934 оны орчим хүртэл 10-аад жилд тус аймагт 10 орчим жинхэнэ бага сургууль ( улсын төсвөөр ажилладаг сургуулиуд) үүсэж бий болсон бөгөөд эдгээрийн зарим нь эхлээд сайн дурын сургууль хэлбэртэй үүсээд аажмаар жинхэнэ бага сургууль болсон байна.
1931онд тус аймагт Гэгээрэл боловсролын асуудлыг дагнан хариуцдаг төрийн захиргааны бие даасан хэлтэс Аймгийн яамны харьяанд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэхүү хэлтэс нь аймгийн сургууль гэгээрлийн бодлогыг боловсруулж, зохион байгуулах, тайлан дүгнэлт гаргах зэрэг олон талт ажлыг эрхлэн явуулдаг байжээ. 1930 оны сүүлчээр бага сургууль олширсон учир багш гэдэг нандин сайхан албаныхан эгнээгээ улам бүр тэлсээр байлаа. 1938-1939 оны хичээлийн жил эхлэхэд байсан багш нарын нэрсийн жагсаалтад одоогийн Завхан аймгаас С. Мягмаржав, Түдэв (Алдархаан) Х. Санжцэрэн ( Идэр), Сандагжав (Цагаанхайрхан), И. Баатар (Сантмаргац) , Найдан (Отгон), Ж. Дүгэржав (Завханмандал), Л. Бат-Очир (Түдэвтэй) Б. Дагвадорж (Улаагчин), Р.Лодон (Улиастай хотын бага сургууль) С. Лувсандовдон (хотын бага сургууль) Б. Гончиг ( Чандмань), Б. Чимэд (Нөмрөг), Л. Эрдэнэбаатар (Улаагчин), Норжинсүрэн (Алдархаан) Я.Ханд (хотын бага сургуулийн багш) Р.Пүрэвжав (Гэгээрлийн хэлтсийн дарга), Дамдинпүрэв (хэлтсийн байцаагч), Дэмчиг (Түдэвтэй) Уртнасан гэсэн нэрс байгаа нь тэр үеийн манай аймгийн ихэнх сургуулийн багш нар оржээ.
1938 онд Алдархаан, Чандмань, Нөмрөг, Улаагчин, Тонхил, Түдэвтэй, Цагаан-Оломын болон аймгийн төвийн бага, дунд сургуульд төсөв хүргүүлж байснаас үзэхэд энэ онд эдгээр сургууль улсын төсвөөр ажиллаж байсан байна.
1930-1940-өөд оны үед ажиллаж байсан багш нарын дотор мэргэжлийн сургуульд суралцаагүй зөвхөн бага болон сайндаа л бүрэн бус дунд сургууль төгссөн түүгээр ч барахгүй бичиг үсгийн дугуйлан, цэргийн сургалтаар бичиг үсэг сураад багшилсан залуучууд нэлээд байжээ.
1930-аад оны дунд үеэс манай улсад мэргэжилтэй боловсон хүчин ялангуяа багш дутагдалтай байгааг харгалзан Зөвлөлт нөхөд өгөөмөр гараа сунган Улаан-Үд хотод монгол рабфак, Эрхүү хотод 2 жилийн хугацаатай багшийн курсийг нээж хичээллүүлсэн нь ач тусаа өгсөн юм. Завхан аймгаас гадаадад явж суралцсан хүний жагсаалтанд 46 хүний нэр байдаг. Эдгээр сургуулийг бүрэн сургалттай байхад нь суралцаж төгссөн Н.Ламжав, Я.Базарваань Ж. Гэндэндарам зэрэг олон багш дунд ангид төрөл бүрийн хичээл зааж шилдэг тэргүүний заах аргаараа Завхан аймагт үлгэр дуурайлал болж байлаа.
Анхны сургууль бий болсон үеэс 1940 он хүртэл хөдөөгийн сургуулийн захирал багш нар шинээр сургууль байгуулах, эцэг эх ард иргэдэд сургуулийн ач холбогдлыг сурталчилж ойлгуулах иргэдийг бичигтэн болгох, нам засгийн бодлогыг сурталчлах, соёлын үйлчилгээ үзүүлэх гээд ачааны хамаг хүндийг үүрч байлаа.
1930-1940 оны хооронд болсон чухал үйл явдал бол монголын багш нарын анхдугаар их хурал 1935 онд , хоёрдугаар их хурал 1937 онд тус тус хуралдсан явдал байлаа. Энэ хуралд Завхан аймгаас ямар ямар хүн оролцож байсан мэдээ баримт одоогоор бидэнд олдоогүй байна. Энэ үед сургуулиудад онцгой анхаарч албан байгууллагуудад шефийн холбоо тогтоон ажиллуулж байсан явдал юм. Энэ шефийн холбоо нь сургууль боловсролыг дэмжих талаар тус аймагт тэр үед багагүй ажил зохиож байсныг харуулж байна.
1.3 БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮНДЭС СУУРЬ ТАВИГДСАН ҮЕ
/1940-1950/
1940 онд Завхан аймгаас Говь-Алтай аймаг туурга тусгаарлан салснаар Завхан аймаг үйл ажиллагаагаа дагнан явуулах болсон.
1940-өөд оны эхнээс тус аймагт сургуулийн өмнөх боловсролын үндэс суурь тавигдаж эхэлсэн. 1941 онд Завхан аймгийн даргын шийдвэрээр аймгийн захиргааны харьяанд 25 хүүхэд хүмүүжих нэг бүлэгтэй хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, асрагч, тогооч гэсэн орон тоотойгоор байгуулагдсан нь одоогийн Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэгийн суурь тавигдаж аймгийн боловсролын түүхэнд шинэ хуудас нээжээ. Цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Зунруйн Мядаг ажиллаж байв. 1943 онд аймгийн төвийн артелийг түшиглэн 2-р цэцэрлэгийг 25 хүүхэдтэй эрхлэгч, багш зэрэг 4 орон тоотой байгуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчээр
Гаравхүү, багшаар Банзрагч гэдэг хүн ажиллаж байсан байна. Мядаг, Гаравхүү, Банзрагч нар нь аймгийн цэцэрлэгийн анхны багш нар юм.
МАХН-ын Х их хурал болон улсын VII их хурлааас гарсан шийдвэрийн дагуу сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулиар заавал хамран сургах журам хэрэгжиж эхэлснээр тус аймгийн сургуулиуд болон сурагчдын тоо эрс өсөн нэмэгдэж, 1943 онд 23 бага сургууль, 120 багш, 1763 сурагчтай хичээллэх болж, гуравхан жилийн дотор багш нарын тоо 2 дахин, сурагчдын тоо 85 орчим хувиар өсчээ. Энэ үеэс сургууль, боловсролын үйл ажиллагаа бүх нийтийг хамрах шинжтэй болсон байна. Хөдөөгийн сургуулиудыг бүрэн бус дунд сургуультай болгох бодлого хэрэгжиж эхлэн 1944 онд Нөмрөг сумын бага сургуулийг бүрэн бус дунд сургууль болгон өргөжүүлж тус аймгийн хойд, баруун хойд, зүүн талын сумдын бага сургууль төгсөгчдийг элсүүлэн сургах болсноор тус аймаг бүрэн бус дунд боловсрол олгох хоёр дунд сургуультай болсон юм. Энэ үед сургуулийг бэхжүүлэх, багшлах боловсон хүчин, сурах бичиг, хичээлийн байраар хангах зэрэг асуудал улс даяар аль ч аймаг, сумд нэн шаардлагатай байлаа. 1941 оноос бүх сургуулийг улсын төсөвт шилжүүлсэн байна. Энэ хугацаанд 1940 онд батлагдсан бүрэн дунд сургуулийн хичээлийн төлөвлөгөөг 1946 он хүртэл мөрдөж байсан бөгөөд 1946 оноос түүнд зарим нэгэн өөрчлөлт оруулж мөрдөж эхэлсэн байна. Эдгээр төлөвлөгөөнд төрөлх хэл, математик, байгалийн шинжлэл, газар зүй зэрэг хичээлүүдийг 1-6 ангийг дуустал, бусад хичээлээс түлхүү орос хэл болон алгебр, геометр, хими, физик зэрэг хичээлийг дунд, ахлах ангид түлхүү үзүүлэхээр оруулсан байна. Энэхүү улсын төлөвлөгөөг Завхан аймгийн сургуулиуд бага, дунд ангидаа нэгэн адил мөрдөж байлаа. 1940-1941 онд ажиллаж байсан багш нарыг жагсаан үзэхэд Идэрийн сургуулийн захирал Т.Уртнасан, Түдэвтэйн сургуулийн захирал Д. Дагва, Шүлүүстэйн зуны сургуулийн захирал А. Арилдий, Б. Чимэд Завханмандалын сургуулийн багш Г. Ралхдорж, дунд сургуулийн захирал Д.Нямдарь, багш О.Намдаг нарын зэрэг 60 гаруй хүн байгаагийн дийлэнх нь цаашид олон жил сурган хүмүүжүүлэх ажлыг эрхлэн ажилласан байна.
Дэлхийн II дайны гал дүрэлзэн асаж, сургуулийн амьдрал нэн хүнд байх үед багш сурагчид бэрхшээлийг шантралгүй даван туулж, сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангаж байлаа. Тэр үеийн сургуулийн бэрхшээлтэй амьдралыг биеэрээ туулсан олон хүн эргэн дурсаж өсвөр хойч үедээ аливаа бэрхшээлийн өмнө тэсвэр хатуужилтай байж сөрөн давахыг сургамжлан захидаг билээ. Олон хүний дурсамж байдгаас нэгийг сийрүүлье. Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад багш, боловсролын ахмад ажилтан Ш.Магван дурсамжиндаа: Дунд сургуульд байхад дайны үе байсан болохоор юм юмаар гачигдана . “Чөтгөр “ үзгээ модны үзүүрт утсаар бэхэлж бичнэ. Хар модны зодгоор бэх хийнэ. Савтай бэхээ гартаа атгаж үзгээ амьсгаагаараа гэсгээж бичихгүй бол хөлдчихөөд гарахгүй, үдээсгүй дэвтэртээ бичиж дуусаад хуудсаа тоолуулаад гүйцэд байвал шинэ дэвтрээ авна. Тэр үед хуучин монгол бичгээ кирилээр солих болсон. Шинэ үсгийн дүрэм бүрэн боловсроогүй эгшиг, гийгүүлэгчээ ялгахгүй будилна. Гэхдээ хүн бүр суръя мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан.“ гэж дурдсан байдаг.
1940-1950 –иад оны дунд үе хүртэл ажиллаж байсан багш дотор дунд ангид төрөл бүрийн хичээл зааж мэргэшсэн уран гоё заах аргатай олон багшийн үйл ажиллагааны эхлэл тавигдаж тэд цаашдаа сурган хүмүүжүүлэх ажлын мастерууд болсон юм. Тэд бүрэн бус дунд сургуулийн сургалтын чанарыг сайжруулж хөл дээр нь босгох бүрэн дунд сургуулийн бэлтгэлийг хангаж эхлэлийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж ихэнх нь төрөлх нутагтаа он удаан жил ажилласан байна.
1947 онд аймгийн төвийн 7 жилийн дунд сургуулийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Элдэв-Очирын нэрэмжит болгосон нь энэ он жилүүдийн онцлох нэгэн үйл явдал байлаа.
1948 он гэхэд тус аймагт 5 цэцэрлэг ажиллах болсны 3 нь үйлдвэр хоршооллын артелуудыг түшиглэж байжээ. Завхан аймгийн ууган цэцэрлэг болох Улиастайн 1-р цэцэрлэгт олон хүн эрхлэгчээр ажиллаж бүтээлч хөдөлмөрөө зориулсны нэг 1940 оны дунд үеэс түүний эрхлэгчээр арав гаруй жил ажилласан Цэрэнпилийн Бямбаа байв.
1.4 ТӨВЛӨРСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ ТОГТОЛЦООНЫ ҮЕ (1950-1990 )
1950-ИАД ОНЫ ҮЙЛ ЯВЦ: Улиастай хотын 7 жилийн дунд сургуулийг 10 жил болгон өргөтгөсөөр тус аймагт анхны бүрэн дунд сургууль ажиллаж эхэлсэн байна. Энэ сургууль бий болсон үеэс Завхан аймагт хүүхдийн цэцэрлэгээс бүрэн дунд сургуулийг багтаасан ерөнхий боловсролын тогтолцоо бүрэлдэн тогтсон юм. 1950 оны эхээс Тосонцэнгэл, Завханмандалын бага сургуулиудыг 7 жил, (1951,1955) Нөмрөгийн 7 жилийг 10 жил (1956) болгон өргөтгөж, Эрдэнэхайрхан (1952), Цагаанчулуут (1953) Яруу, Цогт жаргалан (Одоогийн Дөрвөлжин сумын нэг баг) (1959), Тэс (1960) зэрэг сумдын бага сургуулиуд байгуулагдаж, Г. Галсанжамц, Б. Дармаа, Б. Пүрэвжав, У. Жамбажав, А. Арилдий, Аюуш, Н. Сэржготов, С. Гимаамидар, Дондов нар анхны захирлаар ажилласан байна. Эдгээр өргөтгөсөн
болон шинээр байгуулсан сургуулиуд нь улс, аймгийн төлөвлөгөөнд төсөв зардал нь тусгагдсан төлөвлөгөөт бүтээн байгуулалтын ажил байлаа.
1950-1960 оны хооронд байгуулагдсан дунд сургуулиудад нэгэн үе МУИС-ийг төгсөж ирсэн математикийн багш З. Нямдорж, Х. Санжаа, монгол хэлний багш Т.Гомбосүрэн болон багшийн институтийг төгссөн математикийн багш Ж.Пүрэвжав орос хэлний багш Галдан зэрэг багш нар голдуу ахлах ангид хичээл зааж эхэлсэн бол 1950 оны сүүлийн хагаст М.Дүгэрсүрэн (физик) И.Доржгүрхэм, Түдэвдорж (хими) Д.Баянзул биеийн тамир, У. Банзрагч (орос хэл) Т. Бааваа (түүх)зэрэг шинэ залуу багш нар нэмэгдэж ирснээс гадна нь урд нь багшилж байгаад их сургуульд суралцаад ирсэн Ш.Магван, Д.Ванчин, н.Барнай, Говь –Алтай аймагт ажиллаж байгаад уугуул нутагтаа шилжиж ирсэн Д.Бямбарагчаа зэрэг дадлага туршлагатай багш нар ажиллаж байлаа. Мөн н.Норжванчиг, н.Долгор, Ё.Бөөрөнхий, Г. Буджав зэрэг бага ангийн багш нарын ажлын бүтээмж ид оргилж байсан үе бөгөөд тэднийг залгаж залуу багш нар ирж байлаа. 1950-иад оны эхнээс аймгийн төвүүдэд 10 жилийн сургуулиуд байгуулагдаж эхэлсэн юм. 1952 оны зун БНМАУ-ын тэргүүний багш нарын анхдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод болж сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү зөвлөгөөнд Завхан аймгаас Жавхлантын 1-р сургуулийн багш Ц.Цогоо, Баянхайрхан сумын багш н.Дуламсүрэн, Тэлмэний багш Л. Бэгз болон Б. Туваанжав, Ч.Пэрэнлэй, С. Мягмаржав, н.Аюуш, н.Од-Иш нарын 8 багш оролцсон байна. Зөвлөгөөнд манай улсын зарим сургуульд физик, химийн сургалтын заалт хангалтгүй, сургууль завсардалт буурахгүй байгаа зэрэг дутагдлыг шүүмжлэн сургуулиудын ерөнхий ажлыг шүүмжлэн багш нарын идэвхийг өрнүүлэх, сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх талаар чухал саналуудыг дэвшүүлэн ярилцсан ихээхэн ажил хэрэгч зөвлөгөөн болсон байна.
Улсын тэргүүний багш нарын анхдугаар зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн 1952-1953 оны хичээлийн жилийн эцэст тус аймгийн 28 бага сургууль, 2 бүрэн бус 1 бүрэн дунд сургуульд 4278 хүүхэд суралцаж, 160 гаруй багш ажиллаж байжээ.
1958 оноос Гэгээрлийн хэлтэст хавсарган заах аргын секц , 1959 оноос Заах арга сурган хүмүүжүүлэх ухааны кабинет (ЗАСХУК ) нэртэйгээр сургалт арга зүйн байгууллага байгуулагдсанаар багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургууль багш нарын тэргүүн туршлагыг судалж, дэлгэрүүлэх ажил өрнөсөн юм.
1960-1970 ОНЫ ҮЙЛ ЯВЦ: Монголын багш нарын III их хурал 1961 оны 8 дугаар сарын 9-11-нд Улаанбаатар хотод боллоо. Энэ их хурлаас “МАХН-ын XIV их хурлаас сургууль гэгээрлийн байгууллагын өмнө дэвшүүлсэн зорилтыг биелүүлэх тухай”“ Сургуулийн сурлага хүмүүжлийн ажлыг сайжруулах МХЗЭ ба пионерийн байгууллагын зорилгын тухай” гэсэн илтгэлүүдийг хэлэлцсэн байна. Энэ их хуралд Завхан аймгаас 21 хүн оролцсон бөгөөд тэдний дотор Аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Ш. Балдорж, Гэгээрлийн хэлтсийн дарга С.Жамсран зэрэг төр олон нийтийн удирдах байгууллагын төлөөлөл, БНМАУ-ын гавьяат багш Т.Уртнасан (энэ үеэр гавьяат багш болсон) ахмад багш Д.Дагва (Хожим нь Улсын гавьяат багш, хөдөлмөрийн баатар болсон/), С. Мягмаржав, Н.Ламжав, Б, Дармаа (1975 онд Улсын гавьяат багш болсон) Д. Бямбарагчаа, Ё.Бөөрөнхий, П.Цэвэгжав, Ж Пүрэвжав зэрэг тэр үеийн ахмад ба дунд үеийн багш нарын төлөөлөл сонгогдон оролцсон байна.
Их хуралд аймгаа төлөөлөн Нөмрөг сумын 10 жилийн сургуулийн багш Ж.Пүрэвжав үг хэлсэн гэж хэд хэдэн хүний дурсамжид бичигдсэн байна. Их хурал дээр ерөнхий боловсролын 7,10 жилийн сургуулийг 8,10 жилийн ерөнхий боловсрол, хөдөлмөр-политехникийн сургууль болгон өөрчилж 10 жилийн сургалтаар сурагчдад ардын аж ахуй, соёлын аль нэг салбарт ажиллах мэргэжил олгох сургуулиудаар гар хөдөлмөр, дархан, мужаан, мал аж ахуйн үндэс, цахилгаан техник, машин судлалын хичээлийг сургалтын төлөвлөгөөнд тусган туршлага сорилтын ажил, экскурс практикийн цагийг нэмэгдүүлэх, сурагчдыг нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна. Хурлын шийдвэрт үндэслэн Завхан аймагт нэлээд ажлыг зохион байгуулан хийсэн байна.
1960 оноос хүүхдийн цэцэрлэгийн тоо эрс нэмэгдэж аймгийн төвийн 2 цэцэрлэгт 100 орчим хүүхэд хүмүүжиж байсан бол 1960 оны эхээр аймгийн төвд 3 дахь цэцэрлэг, Сантмаргац, Алдархаан, Эрдэнэхайрхан, Яруу, Тосонцэнгэл, Отгон, Цагаанчулуут, Баянхайрхан сумд цэцэрлэг байгуулснаар 1963 оны эцсээр аймгийн хэмжээнд 11 цэцэрлэгт 500 гаруй хүүхэд хүмүүжих болжээ.
1964-1973 онд Цагаанхайрхан, Нөмрөг, Улиастайн 4 дэх цэцэрлэг, Баянтэс, Түдэвтэй, Сонгино, Булнай, Завханмандал, Тосонцэнгэлийн 2-р цэцэрлэг, Идэр, Их-Уул, Дөрвөлжин, Тэлмэн, Шилүүстэй, Ургамал, Тэс суманд хүүхдийн цэцэрлэг дэс дараалан байгуулагдсанаар сум бүрт сургуулийн өмнөх насны хүүхдийг хүмүүжүүлж сургах байгууллага бий болж, 1973 онд 29 цэцэрлэгт 1553 хүүхэд хүмүүжиж байлаа. Хүүхдийн цэцэрлэгийг байгуулж бэхжүүлэх, түүний сургалтын арга технологийг сайжруулах үйл хэрэгт анхны цэцэрлэгийн эрхлэгч Мядагаас эхлээд Бямбаа, Сүрэнжав, Я.Дуламсүрэн, Б.Доржготов, Х.Цэндсүрэн, Ж.Аюушжав, Д.Цэрэнханд, С.Гунгаа, Б.Нацагдорж, Б.Туяа, Д.Түмэнбилэг, С.Даваасүрэн, Б.Янжмаа, Р.Жавзан, Д.Цэцэгээ, Д.Чулуун Д.Уранчимэг Ц.Шанд, н.Раш зэрэг үр бүтээлтэй ажиллаж байгаа олон сурган хүмүүжүүлэгч нар байна.
1962 онд “Сургууль амьдралын холбоог бэхжүүлж ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай“ СНЗ, Намын төв хорооны хавсарсан тогтоол гарч улмаар 1963 онд БНМАУ-ын АИХ-ын 4-р чуулганаар “Сургуулийн амьдралын холбоог бэхжүүлж, ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай“ хууль гаргажээ. Хуульд БНМАУ бүх нийтийг заавал 8 жилийн боловсролтой болгох ажилд шилжин орно. 1963 оноос 7 жилийн сургуулийг 8 жилийн сургууль болгох шилжилтийн ажлыг орон даяар үе шаттайгаар зохион байгуулж эхэлсэн юм. Шүлүүстэй, Сонгино, Баянхайрхан, Идэр, Аймгийн төв, Яруу, Эрдэнэхайрхан зэрэг суманд бага сургуулийг өргөтгөн 8 жилийн сургууль шинээр байгуулжээ. Шинэ гарсан хуулийг хэрэгжүүлэх талаар сум нэгдлүүд их анхаарч өөрийн төсвөөр хүүхдийн цэцэрлэг байгуулж, сургуулийн хичээлийн болон дотуур байрыг шинэчлэх ажлууд хийгдэж байлаа. Сургууль цэцэрлэгээ үлгэр жишээчээр тохижуулсан Алдархаан, Сонгино сумдын нэгдлийн дарга Жанчив, Дамдинбазар, Тосонцэнгэлийн мод боловсруулах комбинатын дарга Л.Цэнд нарт Гэгээрлийн яамнаас баяр хүргэж шагнал олгож байв. Д.Ядамрагчаа, Б.Пүрэвжав нарын удирдсан аймгийн төв, Нөмрөгийн 10 жил Б.Туваанжав, Тосонцэнгэлийн сургуулийн ажлыг сайжруулахаар 1965 оноос томилогдон ажилласан захирал Ж.Базар, Х.Нацагдорж, С. Доржсүрэн захиралтай Цэцэн-Уул, Алдархаан, Идэр сумын 8 жил, Н.Цэрэнням, Г. Маналжав, У. Дэмбэрэлнямбуу захиралтай Жавхлант, Дөрвөлжин, Их-Уул сумын бага сургуулиуд бусдыгаа манлайлж байв.
1963 оны 2-р сард батлан гаргасан “Сургууль амьдралын холбоог бэхжүүлж, ардын боловсролын системийг цаашид хөгжүүлэх тухай“ хуульд “Техник мэргэжлийн тухай бүлэг оруулж “БНМАУ-ын Техник мэргэжлийн сургуулийн үндсэн зорилт нь үйлдвэр, хөдөө аж ахуйд зохих боловсрол бүхий мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх явдал мөн” гэж заажээ. 1963 онд Завхан аймагт Барилгын байнгын курс нэртэйгээр Барилгын техник мэргэжлийн сургуулийн үндэс суурь тавигдсан байна. Энэ сургуулийн анхны захирлаар Д. Далхжав ажиллаж 1970 он хүртэл тус сургуулийг хөл дээр нь босгосон хүн юм.
1960 оны эхний хагаст математикийн багш Д.Ламжав, Д.Дашзэгвэ, Я.Доржсүрэн, Х. Махранз, Физик-математикийн багш Д. Доржпалам, Н. Амгалан, Л. Мөнхөө, н.Даваадорж, н.Жүгдэрнамжил, Физикийн багш Р. Маабазар, химийн багш
н.Хөтгөр, н.Дулмаа түүх газар зүйн багш Ж.Нацаг, Г.Шарав, Орос хэлний багш Д.Дашхорлоо, Д.Батсүх, монгол хэлний багш Х.Нацагдорж И.Энэбиш, Ж.Алтангэрэл, бага ангийн багш Д. Рэгзэдмаа, н.Пүрэвдорж, Р.Содном, Г.Сиймаа нарын зэрэг олон арван шинэ багш ажлаараа өрсөлдөж ирээдүйн сайн багш нар болох нь нэгэнт илрээд байлаа. 1960 оны сүүлийн хагаст Б. Бунд, Ж. Пүрэвжав, Л.Сэнгээ, Б. Гомбоо, А. Чибиш, Х. Отгонбилэг, Ж. Мөнхбаатар, Д. Самбадагдан, Г. Усних, П. Чантуу, Ж, Цэндсүрэн зэрэг олон залуус багшийн эгнээнд шинээр орж ирж цаашид амжилт бүтээлийн эзэд болсон билээ.
1960-1970 оны хооронд Гэгээрлийн хэлтэс, СЗАК-ийн удирдлага, байцаагч, мэргэжилтнүүдийн нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд тус аймгийн боловсролын салбарын ажил ихэд сайжирч 1970 онд Завхан аймгийн боловсролын хэлтсийг Боловсролын яам, Соёл гэгээрлийн ажилтны үйлдвэрчний төв хорооны дипломоор шагнасан байна.
1970-1980 ОНЫ БОЛОВСРОЛЫН ҮЙЛ ЯВЦ: 1970 оны эхэнд байсан амжилтаа цаашид улам ахиулах урам зорилготойгоор тус аймгийн боловсролын салбар V таван жилийн ажлын гараагаа эхэлснээс хойш олон чухал үйл явдал тохиосон юм. Тэдгээрийн нэг бол 1971 онд Монгол ардын хувсгалын 50 жилийн ойгоор тэр үеийн зөвлөлтийн Засгийн газраас Монголын ард түмэнд бэлэг болгон барьж өгсөн иж бүрэн 10 жилийн 5 сургуулийн нэгийг тус аймагт хүлээн авсан явдал байлаа. Энэхүү сургуулийг хүлээн авснаар Б. Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулиар зогсохгүй аймгийн нийт багш нарын мэргэшлийг дээшлүүлэх таатай боломж бий болов.
1974 онд Худалдааны техник мэргэжлийн сургууль байгуулагдаж 1975 онд Худалдааны техникум-техник мэргэжлийн сургууль болон өргөжин баруун аймгуудад худалдаа үйлчилгээний дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон юм.
1975 оны 8-р сарын 21-23 нд хуралдсан Монголын багш нарын IV их хурал Завханчуудын хувьд ихээхэн бахархалтай үйл явдал болсон билээ. Их хуралд аймгийн АДХГЗ-ны хариуцлагатай нарийн бичгийн дарга Ё. Дашцэрэн Ардын боловсролын хэлтсийн дарга Х.Санжаа, СЗАК –ын эрхлэгч Х. Нацагдорж нараар ахлуулсан 39 хүн төлөөлөгчөөр оролцсон байна. Багш нарын 3-р их хурлаас хойш хийсэн ажлаа дүгнээд, сургууль цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулах сургалтын үр дүнг дээшлүүлэн сурагчдыг сурлагаар хоцроохгүй, анги улируулахгүй сургах, сургуулийн ЗАН-ийн ажлыг сайжруулан багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд чиглүүлэх, өөрийн орны болон ах дүү орнуудын сургууль, багш нарын туршлагыг судлах, сурталчлах ажлыг өргөтгөх, хичээлийн арга хэлбэрийг өөрчлөн дэвшилтэд аргуудыг нэвтрүүлэх зэрэг чухал чухал зорилтуудыг дэвшүүлсэн хурал болжээ. Энэ их хурлын үеэр Улиастай хотын бага сургуулийн захирал Улсын гавьяат багш Д. Дагвад БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Б. Элдэв- Очирын нэрэмжит 10 жилийн сургуулийн түүхийн багш Б. Дармаад БНМАУ-ын
Гавьяат багш цол хүртэж, хэд хэдэн багшийг төрийн дээд одонгоор шагнасан байна. Энэ он жилүүдэд багш нар IV их хурлаас дэвшүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Зөвлөлтийн нэрт сурган хүмүүжүүлэгчдийн туршлагыг сургалт хүмүүжлийн ажилдаа нэвтрүүлж эхэлсэн билээ.
1970 оны эхний хагаст Улиастай хотын Б. Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн багш Х. Отгонбилэгийн орон нутгийн материалаар байгуулсан биологи-хөдөө аж ахуйн кабинет, Р.Маабазарын сургалтын техник хэрэгслийн нэгдсэн кабинет, үзүүлэн техник хэрэгслийг хичээлд оновчтой хослуулан хэрэглэдэг туршлага, М.Бадамгаравын сурагчдыг гэр ахуйн үйлчлэх хөдөлмөрт сургаж байгаа туршлага, Б.Амирдын түүх нийгэм судлалын кабинет байгуулж ашигласан туршлага, З.Баяраагийн монгол хэлний хичээлд хөзөр лото зэрэг тоглоомын арга нэвтрүүлж байгаа, Алдархаан сумын багш Д. Чойжилжавын иж бүрэн үзүүлэн хийж ашигладаг, Ургамал сумын захирал Д. Гомбосүрэнгийн сургуулиа “Улсын тэргүүний сургууль” болгосон туршлагуудыг сурталчилж байлаа.
1970-1980 оны хооронд ерөнхий боловсролын 35 сургуулийн 23 нь буюу 65,7 хувь нь 8 жилийн сургууль болов. Энэ үед тус аймагт бага сургууль 7, бүрэн дунд сургууль 5, мэргэжлийн сургууль 2 байсан бөгөөд бүх шатны сургуульд 20100 хүүхэд залуучууд суралцаж, 31 цэцэрлэгт 2000 шахам хүүхэд хүмүүжиж , 900 гаруй багш ажиллаж байлаа. Мөн зуны улиралд гэр цэцэрлэг ажиллуулж байсан нь малчдын талархал хүлээж байв.
1980-1990 ОНЫ БОЛОВСРОЛЫН ҮЙЛ ЯВЦ:Улсын тэргүүний сургууль, цэцэрлэг болох хөдөлгөөн идэвхтэй өрнөж 1981 онд Ж.Нацаг захиралтай Тосонцэнгэлийн 10 жил, 1985 онд С.Базарсад захиралтай Цагаанхайрхан сумын 8 жил, 1989 онд Ж. Аюушжав эрхлэгчтэй Булнай сумын хүүхдийн цэцэрлэг, С. Юндэндорж захиралтай Сонгино сумын 8 жил Б. Пүрэвдорж захиралтай Улиастайн II 10 жил, Л.Амгалан, С. Чимэдгочоо захиралтай
Тосонцэнгэлийн I ,II 8 жил, Б. Нацагдорж эрхлэгчтэй Улиастайн II цэцэрлэг Улсын тэргүүний сургууль цэцэрлэг болж туршлага нь түгэн дэлгэрч байлаа.
Түүнчлэн 1980-аад онд аймгийн сургуулиудад Л.Даваадорж, Л. Лүгээбаатар, Г. Юүлээ, Ч. Батаа, Р. Чанцал, О. Рэнцэнбадам, Л. Рэгзэдмаа зэрэг олон шилдэг багшийн арга туршлага нийтийн хүртээл болж эхлээд байлаа.
1980 оны эхээр орон даяар “Сурагчийн жил” ажил өрнөж, Завхан аймгийн үйлдвэр, албан байгууллагууд сургуулиудад биеийн тамирын талбай байгуулах, анги танхим засварлах, хичээлийн зарим кабинетийг тохижуулах зэрэг ажлуудыг эхлүүлсэн байна.
1987 оноос улс даяар ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын “Нээлттэй хичээлийн өдөрлөг” зохиогдож эхлэхэд аймгийн СЗАК түүний эхний хоѐр шатны уралдааныг орон нутагтаа зохион байгуулж тэргүүн туршлагыг сурталчлах ажлыг тасралтгүй хийж ирсэн бөгөөд 2001 оноос түүнийг “Бүтээлч багш- он” гэсэн нэртэйгээр ажил мэргэжлийн уралдааны хэлбэртэй болгож багш нар хичээл заагаад зогсохгүй сургалтын технологийн шинэчлэлийн чиглэлээр бүтээлийн үзэсгэлэн гаргах, ажил мэргэжлийн мэтгэлцээнд оролцох зэргээр өргөн хүрээтэй болгосон билээ.
Нээлттэй хичээлийн уралдаанаас олон багш жил бүр бага, дунд анги, хүүхдийн цэцэрлэгийн багш аймгийн аваргаар шалгарч оны “Бүтээлч багш” гэрчилгээ авч байсны дотор Тэс сумын 10 жилийн математикийн багш Д. Энхбаяр 1987, 2001 онд,Тосонцэнгэлийн 10 жилийн түүх нийгэм судлалын багш А. Сандаг-Очир 1992,1993 онд, Сантмаргац сумын 8 жилийн бага ангийн багш Шүрэнцэцэг 2000, 2001 онд, Ургамал сумын 8 жилийн бага ангийн багш Ананмэргэн 2002, 2003 онд, аймгийн хошой аварга болж байлаа. Улсын уралдаанд оролцсон багш нараас А.Сандаг-Очир, Л.Лүгээбаатар, Б.Баярмагнай, Л.Баярсайхан (Тосонцэнгэлийн 10 жилийн багш нар ) Д. Энхбаяр (Тэсийн 10жил ) нар “Улсын аварга”-аар шалгарч н.Жавзан ( биологи, Цагаанчулуутын 8 жил), н.Отгонрагчаа (бага анги Тэлмэн 8 жил), н.Ганбат (Улиастай Элдэв-Очирын 10 жил ),н. Шүрэнцэцэг (бага анги Сантмаргаз 8 жил) нар улсад байр эзэлж байлаа.
Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан “Технологич багш” шалгаруулах улсын уралдаанд Ж.Даваасүрэн (бага анги Улиастайн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жил), Сэлэнгэ (түүх нийгэм Цагаанчулуутын 8 жилийн хичээлийн эрхлэгч байхдаа) нар амжилттай оролцож байр эзэлж байсан юм. Багш нарын заах аргын ур чадварыг шүүн шалгаруулж ирсэн энэ ажил нь сургалтын шинэ арга технологи манай багш нарын үйл ажиллагаанд хэр зэрэг амжилттай нэвтэрч байгааг олж харах, тэргүүний багш нарын арга туршлагыг сурталчлах нэгэн томоохон ажил болон зохиогдсоор байна.
1980 онд аймгийн сургуулиудын амьдралд бий болсон нэг чухал ололт бол дийлэнх сургууль хүүхдийн хөдөлмөр амралтын зуслан байгуулж, ажиллуулан сурагчдыг амруулахын зэрэгцээ тохирсон хөдөлмөрт оролцуулж
голдуу хүнсний ногоо тарьж ургуулах, мал аж ахуйн зарим ажилд оролцуулах зэргээр хөдөлмөрийн дадлага олгож байжээ. Хөдөө аж ахуйн байгууллагуудын захиалгаар сурагчид багштайгаа явж тариа ногоо хураах, жимс, сонгино түүх зэрэг ажлыг хөлсөөр хийж байлаа.
1980 оны эцэс гэхэд тус аймгийн сургуулиуд Тосонцэнгэлийн МБК-аас үйлдвэрлэсэн нэгэн загварын хичээлийн ба дотуур байрны барилгатай, тодорхой тооны мал өсгөж, хүнсний ногоо тариалж, дотуур байрныхаа хүүхдийн хүнсэнд хэрэглэдэг байлаа. Сургалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор 1980 оны дунд үеэс хэд хэдэн цагийн хичээлийн агуулгыг нягтруулан заадаг Одесс мужийн химийн багш Н.П. Кузик, тулгуур мэдлэгийн системийг хэрэглэж, сурагчдын танин мэдэх , бие даасан үйл ажиллагааг хөгжүүлж нэрд гарсан Донецкийн физикийн багш В,Ф. Шаталов, 6 настай хүүхдэд сурах сэдэл хөгжүүлж бүх талын хөгжлийг нь хангах ажлын зарчим боловсруулан сургуулийн практикт туршиж, амжилт олсон эрдэмтэн багш Ш.А. Амонашвили, бага насны хүүхдийн сурч танин мэдэх ажиллагаандаа өөрөө идэвхтэй оролцох явдлыг дэмжин хөгжүүлж сурах хөдөлмөрийг нь тэдний баяр бахдал болгосон С.Н. Лысенкова зэрэг Зөвлөлтийн бүтээлч багш нарын туршлагыг өргөн сурталчилж, гол үзэл санааг тайлбарлан ойлгуулах ажил зохион байгуулж байв.
Өөрийн орны нэрд гарсан шинийг санаачлагч Увс аймгийн физикийн багш Г.Гомбожав, Сүхбаатар аймгийн газар зүйн багш Ш. Оюун, Улаанбаатар хотын бага ангийн багш Бадамханд, Хөвсгөл аймгийн багш Ж.Нямжав, Дундговь аймгийн монгол хэлний багш Д. Төмөр зэрэг бусад олон шилдэг багш нарын туршлагыг сурталчлан дэлгэрүүлж байлаа. 1960-аад оноос эхэлсэн бүтээн байгуулалтын ажил 1980-аад оны эцсээр өөрчлөлт шинэчлэлийн ажил болон өрнөж байсан үед Монголын багш нарын V их хурал 1989 оны 6-р сард болсон билээ. Ардын боловсролын талаар хийх өөрчлөн байгуулалтын тухай илтгэл хэлэлцсэн энэ их хуралд Завхан аймгаас аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга, химийн багш Б.Бунд, Боловсролын хэлтсийн дарга авьяаслаг зохион байгуулагч, орос хэлний багш Л. Билгээ, СЗАК-ын эрхлэгч Р. Маабазар нараар ахлуулсан 30 төлөөлөгч сонгогдон оролцсон юм.
Боловсролын бүх шатны сургалт хүмүүжлийн ажилд хуулбарлах, бэлэнчлэх сэтгэлгээ газар авсан, сургалтын агуулгад нь өөрийн орны амьдралын асуудал, ард түмний соѐл зан заншлын дэвшилтэт уламжлал тусч чадаагүй, суралцагчдын онцлогийг харгалзан ялгавартай хандлага сургалтанд нэвтрээгүй зэрэг нь хүүхэд залуучуудын хүсэл сонирхолд тэр бүр нийцэхгүй болсон, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг багасгах зэрэг олон чухал асуудал авч хэлэлцсэн боловч 1990 оноос ардчилсан хувьсгал эхэлж нийгэм, эдийн засгийн шинэ харилцаанд шилжих болсноор тэдгээр бодлогыг хэрэгжүүлэх боломж гараагүй билээ.
1980 оны дунд үеэс зун малаа оторт явуулсан айлууд нийлж буун өргөн айлсалт гэж зохион байгуулдаг байв. Энэ үед тэдгээр айлын дэргэд гэр цэцэрлэг байгуулж хүмүүжил сургалтын ажил явуулдаг байв.
1.5 ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ (1990-2009 )
1990 онд тус аймагт ерөнхий боловсролын 36 сургуульд 20551 сурагч, Барилгын техник мэргэжлийн сургууль, Худалдааны техникум,техник мэргэжлийн сургуульд 900 гаруй суралцагч, хөнгөвчилсөн сургалттай сургуульд 109 хүүхэд суралцаж, 41 цэцэрлэгт 3700 гаруй хүүхэд хүмүүжиж хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын сургуульд 1100 гаруй ажилтан, малчин, залуучууд хамрагдаж аймгийн хэмжээнд дээд тусгай боловсролтой 1400 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байлаа. Аймгийн Ардын боловсролын хэлтсийн харьяанд Монголын багш нарын V их хурлын босгон дээр өөрсдийн ажилтнуудын хүчээр барьж босгосон багш нарын амралтын газар, залуу техникчдийн станц байсны дээр IV –X ангийн 400 гаруй сурагчдыг хамран сургадаг сургууль дундын үйлдвэр сургалтын төв ажиллаж байлаа. Багш нарын амралтын газар нь 20 гаруй үхэр, 200 шахам бог мал бүхий өөрийн аж ахуйтай байлаа. Сургууль, цэцэрлэгүүд мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан байв. 1990 онд аймгийн боловсролын бүх шатны байгууллага тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохирсон хангамжтай, үндсэндээ бэрхшээл багатай ажиллаж байв.
1991 онд Улсын бага хурал БНМАУ –ын боловсролын хуулийг баталснаар боловсролын салбарын бүх ажилд зарчмын шинэ үе, зах зээлийн эдийн засгийн харилцаа үйлчилж эхэлсэн бөгөөд боловсролын шинэ хууль батлагдан гарсны дараа мөн 1991 оны 7-р сард Боловсролын яам, “БНМАУ-д боловсролыг хөгжүүлэх үзэл баримтлал”-ыг батлан гаргасан. Эдгээрт тулгуурлан боловсролыг зах зээлийн шинэ харилцаанд шилжүүлэх ажил хийгдсэн юм. Эхний хэдэн жилд манай орны нийгэм соёлын нийт салбарыг хамарсан эдийн засгийн хямрал давхцаж ихээхэн бэрхшээлтэй тулгарсан билээ. Бага, дунд ангийн нэлээд хүүхэд сургуулиа орхиж, зарим багш цалин өндөртэй өөр ажилд шилжиж байв.
Энэ бүхэн нөлөөлсний улмаас 1993-1998 онд Завхан аймгийн хэмжээгээр III – VI ангийн олон сурагч сургуулиа орхисон бөгөөд аймгийн 15 бүрэн дунд сургуулийн гуравны нэг нь бүрэн бус дунд сургууль болж ухралт болов. Төв суурин газар ажил эрхэлж байсан хүмүүс ажилгүй болсноор цэцэрлэгт байгаа хүүхдийнхээ хоолны үнийг төлөх чадвар нь муудаж, улсын төсвөөс түүнийг нөхөх боломж хомсдож ажилгүй болсон олон эхчүүд цэцэрлэгийн насны хүүхдээ гэртээ харахаар болов. 1990 онд аймгийн хэмжээний цэцэрлэгийн насны хүүхдийн 26,4 хувийг цэцэрлэгээр хамарч байсан бол 1996 онд 10,8 хувийг хамарч хамралтын хувь 15,6-аар багасаж ухралт болсон байна.
Удирдлагын төвлөрлийг сааруулах төрийн захиргааны тогтолцоог нягтруулах зорилгоор Ардын боловсролын хэлтсийг Аймгийн засаг даргын нийгмийн бодлогын хэлтэст нэгтгэснээр боловсролын салбарын удирдлага санхүүжилтийн асуудлыг сумын Иргэдийн хурал, засаг дарга хариуцах болсон нь нэг талаар сумд өөрийгээ хөгжүүлэх эрх мэдэл бий болсон хэдий ч нөгөө талаар аймгийн хэмжээний боловсролын бодлогыг тодорхойлох, нэгтгэн зангидах ажилд зохимжгүй байв. Аймгийн боловсролын салбарын олон ажил сургалт арга зүйн байгууллага болон Судалгаа арга зүйн төвийн нуруун дээр ирэв. Гэтэл тэр байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг нь тэдгээр ажлыг хариуцах явдал биш байсан бөгөөд эрх мэдэл нь хүрэхгүй байсан юм.
Хэдийгээр бэрхшээл үүсэж зарим талаар ухралт болж байсан ч боловсролыг “Тэргүүлэх салбар“ байлгахын тулд манай улсын Засгийн газар, Шинжлэх ухаан боловсролын яам зүйл бүрийн арга хэмжээ авсаар байсан бөгөөд орон нутагт сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар бэрхшээл бүрийг даван туулахын төлөө чармайн ажилласаар байлаа. Нэг үгээр хэлбэл сургууль, цэцэрлэгт ажиллаж байсан удирдлага, багш нар нь аварч өөрчлөлт шинэчлэлийг хийсэн юм.
Боловсролын өмнө шинээр тавигдаж байгаа зорилтуудыг шийдвэрлэхийн тулд ШУБЯ-ны шийдвэрээр олон ажил хийгдсэний дотор бага ангиас сурагчдад үндэсний монгол бичгээ заах, 5-р ангиас англи хэл заах хэрэгтэй болов. Завхан аймагт эдгээр ажил дараах байдлаар хийгдсэн байдаг.
Аймгийн Судалгаа арга зүйн төв дээр бага ангийн багшийг хэд хэдэн бүлэгт хувааж зуны амралтын хугацаанд багтааж 14 хоногийн сургалтуудыг бага боловсролын арга зүйч Б. Лхамрагчаа З.Бадамцэрэн нар зохион байгуулж бага ангийн багш нарыг монгол бичигт сургаад зогсохгүй цаашид сургууль дээр нь монгол бичиг мэддэг ахмад багш нар болон монгол хэлний багш нарыг гүнзгийрүүлэн заах үүргийг хариуцуулан өгсөн юм. Ингэж манай аймагт монгол бичиг бага ангид заах арга зүйн асуудал шийдэгдэж байлаа.
Орос хэлний багш нарт англи хэл заах мэдлэг чадвар эзэмшүүлэхийн тулд зарим багшийг Улаанбаатар дахь АНУ-ын Англи хэлний институтийн салбарт явуулж суралцуулсан боловч олон хүнийг хамрах боломжгүй байлаа.
Иймээс уг институд орон нутгийн САЗТ-үүдийг түшиглэн 10 сарын сургалт явуулж эхэлсэн түүүхтэй. Манай төв 1992-1993 оны хичээлийн жилд 20 багшид англи хэл заах сургалтыг явуулсны зэрэгцээ Америк хүмүүсийн амьдралын хэв горим, соёл харилцааг бодитойгоор ойлгох сайхан боломжийг олгосон юм. Багшаар нь Жон Балден, Стив Барнес, Билл Стевин нар ажилласан юм.
Манай улсад боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг САЗТ- ийг түшиглэн явуулах шаардлагатай болсон учир түүнийг цаашид өргөтгөх, бэхжүүлэх шаардлага гарсан юм. 1993 оны үеэс боловсролын шинэчлэлийг дэмжих зорилгоор тэр үеийн Засгийн газар, Шинжлэх ухаан боловсролын яамнаас НҮБ-ын ЮНЕСКО болон олон улсын бусад байгууллагуудтай харилцаж идэвхтэй үйл ажиллагаа явуулав. Хамгийн түрүүнд Данийн засгийн газар манай улсын хүсэлтийг хүлээн авч “Монголын бага, дунд боловсролыг дэмжих” ДАНИДА төслийг хэрэгжүүлэв. Данида төслийн үйл ажиллагаанд аймгуудын САЗТ-ийн захирлуудыг эхний ээлжинд дараа нь арга зүйчдийг Улаанбаатар хотод төвлөрсөн сургалт семинарт оролцуулан дэлхийн орнуудын боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйн чиг хандлагыг танилцуулж, төслийн зорилгыг танилцуулав. Энэ нь нэг ёсондоо дэлхийн боловсролын асуудлаар нүд нээж эхэлсэн цаг үе байлаа.
САЗТ-өөр дамжуулан монголын боловсролын туулж ирсэн замнал, тухайн үеийн нөхцөл байдлыг судалсан. Энэ нь САЗТ –ийн арга зүйчдэд судалгааны шинэ арга зүйг эзэмших сайхан боломжийг нээж өгөв.
Судалгаа арга зүйн төвүүдийн материалаг баазыг бэхжүүлэх хөрөнгө оруулалтыг ээлж дараатай хийж эхлэв. Завхан аймгийн САЗТ нь 1995 онд суудлын авто машинтай, Pentum-1 ангиллын компьютер ба түүний хэвлэх төхөөрөмж
/принтер/ бага оврын DP-4030 бие даасан хэвлэх төхөөрөмж зэргийг хүлээн авснаар ажилд эрс дэвшил гарч эхэлсэн. Ийнхүү төнөг төхөөрөмжтэй болсноор 1996 оноос сургууль, цэцэрлэг, багш нартаа зориулж “Хөтөч” сонин, эрдэм шинжилгээний “Бодрол” сэтгүүл, “Мэдээлэл зөвлөмж” нэртэй ажил төрлийн материалуудыг нийтэлж сургууль багш нартаа хүргэдэг болсон юм.
Данида төслийн хүрээнд арга зүйчид хөгжүүлэх сургалт “Шавь төвтэй сургалт”-ын онол арга зүйн асуудлыг өөрсдөө сайтар ойлгож, улмаар аймгийнхаа багш нарт зааж сургах боломжтой боллоо. Шавь төвтэй сургалтын үзэл санааг аймгийнхаа багш нарт хүргэх төрөлжсөн сургалтыг хэд хэдэн үе шатттай явуулж улмаар Улиастайн 3-р 10 жил, Тэсийн 10 жилийн сургуулиудад “Дэд төслүүд” үе шаттайгаар хэрэгжив.
Төслийн хүрээнд 10 гаруй сургууль сургалтын орчноо шинэ шаардлагад нийцүүлэн шинэчилж, тус бүр 2-3 кабинет шинэчлэн 400 гаруй багш энэ сургалтын үзэл санааг ажилдаа хэрэглэх анхны бэлтгэлтэй болж байсан түүхтэй. Гурван үе шаттай хэрэгжсэн ДАНИДА төсөл 1999 онд хаалтаа хийхэд Завхан аймаг хамгийн идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцсон гэж үндэсний удирдах зөвлөлөөс сайшааж билээ. Данида төсөл албан ёсоор үйл ажиллагаагаа дуусгасан боловч манай улсын Засгийн газар, боловсролын байгууллагууд түүнийг үр дүнтэй хэрэгжүүлснийг үндэслэн манай талын хүсэлтээр цаашдаа хөдөөгийн сургуулиудыг дэмжих хүрээнд үргэлжлэн Завхан аймгаас Цагаанчулуут, Сантмаргаз, Их-Уул, Баянхайрханы сургуулиудыг түүнд хамруулан 2008 оны эцэс
болтол уг төсөл хэрэгжсэн билээ.
НҮБ-ын ЮНЕСКО-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 1990-ээд оны эхний хагасаас иргэдийн боловсролыг дээшлүүлэх зорилготой албан бус боловсролын анхны төсөл гарч ирэхэд тэрхүү байгууллагад манай аймаг хүсэлтээ тавьж 1995 онд албан бус сургалтыг Монголын албан бус боловсролын нийгэмлэгийн оролцоотойгоор Улиастай хотод зохион байгуулсан түүхтэй. Уг сургалтад Монголын албан бус боловсролын нийгэмлэгийн тэргүүн доктор. профессор Б.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Боловсролын төвийн захирал зэрэг бусад хүмүүс уг сургалтыг мэргэжлийн үүднээс удирдаж байлаа.
ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр манай улсын 8 суманд хэрэгжүүлсэн “Бага боловсролын олон нийтийн оролцоо“ төсөлд Алдархаан, Баянхайрхан сумыг хамруулах саналыг Боловсролын төв гаргаж тухайн байгууллагад хүргэхэд дэмжлэг авч 1996-2000 онд эдгээр сумд хэрэгжиж эдгээр сумын АББ-ын болон бага ангийн зарим багш, сургуулийн болон сумын ЗДТГ, ИТХ-ын зарим ажилтан хэд хэдэн удаагийн сургалтанд хамрагдаж мэргэжлээ дээшлүүлэхийн зэрэгцээ сургуулийн материалаг бааз, орчин нэлээд бэхэжсэн юм.
ЮНЕСКО –гийн дэмжлэг санхүүжилтээр хэрэгжсэн “Бага ангийн багш нарын мэргэжлийг зайнаас дээшлүүлэх”, “6 настай хүүхдийг хамран сургах туршилт“ төслүүдэд Улиастайн 2-р 10 жил, Отгон сумын 8 жил, Тосонцэнгэлийн 1-р 10 жил, Тэлмэн сумын дунд сургуулиуд хамрагдаж амжилттай ажилласан юм.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр манай улс даяар хэрэгжүүлсэн “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн /БСХХ/ хүрээнд сургалтын арга зүй технологийг шинэчлэхэд чиглэгдсэн төвлөрсөн болон бүсчилсэн орон нутгийн сургалтуудад арга зүйч, багш нараа хамруулан чадваржуулахад Боловсролын төв нэлээд санаачилгатай ажиллаж 2002 онд хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээ хийхэд Завхан аймагт хэрэгжүүлсэн ажил хамгийн өндөр үнэлгээ авч БСШУЯ- БСХХ-ийн хүндэт өргөмжлөл, Азийн хөгжлийн банкны монгол дахь суурин төлөөлөгчийн газрын сертификатыг гардан авсан юм.
Английн хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр хүүхдийн цэцэрлэгийн эдийн засгийн чадамж, сургалт хүмүүжлийн орчныг сайжруулах төсөлд тус аймгийн цэцэрлэгүүдийг үе шаттайгаар хамруулан зохион байгуулж зохих үр дүнд хүрч байв.
1990 –ээд оны дунд үеэс Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /МННХ/-ээс хэрэгжүүлсэн “ Боловсролын дэмжих хөтөлбөр”- т аймгийн сургууль, цэцэрлэгийг хамруулах ажил зохиогдож Тосонцэнгэлийн 1-р 10 жил, Улиастайн Чандмань-Эрдэнэ зэрэг сургуулийн удирдах ажилтан, багш нар дэс дараатай сургалтад хамрагдан мэргэжлээ дээшлүүлж, сургалтын орчноо сайжруулсан юм.
Мөн Боловсролын хүрээлэнгийн дэргэдэх “Хөгжлийн төлөө боловсрол” сангийн дэмжлэгтэйгээр багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, орон нутгийн боловсролыг дэмжиж байлаа.
Боловсролыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх эхний 10 гаруй жилд НҮБ- ын ЮНЕСКО болон бусад зарим орны санхүүгийн дэмжлэгтэйгээр сургууль цэцэрлэгийг дэмжиж багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн олон талт ажил хийгдсэн нь хөдөөгийн боловсролыг сайжруулахад үнэлж баршгүй ач тусаа өгсөн билээ. Боловсролыг дэмжих ажил ийнхүү хийгдэж байсан ч тулгамдсан бүх асуудлыг шийдэх боломжгүй багш нарын ажил амьдралын нөхцөл ихээхэн хүнд байв. Орон нутагт багш нарын сарын цалин 2-3 сараар хүлээгдэж, сургууль цэцэрлэг өөр үйл ажиллагаа явуулах ямар ч төсөл зардал бараг гаргаж чадахгүй үе байлаа. Ийм бэрхшээлтэй байсан ч боловсролыг төр захиргааны болон шинээр бий болоод бэхжиж чадаагүй байсан аж ахуйн байгууллагууд бололцооныхоо хэрээр дэмжсээр байв. 1996 онд Завхан аймгийн засаг дарга Б.Очирбат аймгийнхаа сургуулиудын 1960-1970-аад оны үеийн математик , Физикийн өндөр амжилтыг сэргээх зорилгоор Завхан нутгаас төрж гарсан математикч, физикч эрдэмтдийн нэрэмжит олимпиадыг өөрийн ивээл дор I-X ангийн сурагчдын дунд эхлэн явуулж цаашид уламжлал болгохоор шийдвэрлэв. Анхны олимпиадыг нэрт эрдэмтэн академич Н.Содномын нэрэмжит болгон явуулахад академич өөрийн шавь математикч П. Бэгзжав, физикч Н. Ганбаатар зэрэг эрдэмтдийн хамт аймгийн Засаг даргын урилгаар хүрэлцэн ирж уг олимпиадад хүндэтгэл үзүүлж оролцож байв. Энэхүү олимпиад нь өнөө болтол уламжлал болон явагдаж байна.
1997 онд аймгийн Засаг дарга Л. Дашзэгвэ зөвшөөрч зохих зардлыг гаргаж Улсын физикийн XI олимпиадыг Завхан аймагт бүх зардлыг гарган явуулж байв.
Эдгээр сайн үйлс араасаа олон чухал үйл явдал дагуулсны нэг нь 2003 оноос нутгийнхаа биологич, эрдэмтдийн оролцоотойгоор “Биологи –XXI зуун” сурагчдын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион явуулж байна. Энэ бага хуралд МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Ц. Жанчив, профессор Ц.Цэндээхүү нарын зэрэг хэд хэдэн эрдэмтэд уригдан ирж оролцон багш, сурагч нарт зөвлөгөө өгдөг уламжлал тогтлоо.
1996 оны 11-р сарын 14, 15-нд Монголын багш нарын VI их хурал хуралдаж “Боловсролын шинэ тогтолцооны төлөвшилтөд багш нарын гүйцэтгэх үүрэг, энэ талаар төрөөс баримтлах бодлого”, “Багшийн нийгмийн үнэлгээ“ гэсэн илтгэлүүдийг хэлэлцэв. Их хуралд төв орон нутгаас сонгогдсон 609 төлөөлөгч оролцсон бөгөөд Завхан аймгаас Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Ламжав, Боловсролын төвийн захирал Р. Маабазар нараар ахлуулсан 24 хүн оролцов. Манай төлөөлөгчдийн хамгийн ахмад нь 1940 –өөд оны эхнээс сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн АГТА ахмад багш П. Банзрагч байлаа.
Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл гаргасан тогтоол, тунхаг бичиг зэрэгт үндэслэн Засгийн газар, БСШУЯ-аас авч явуулсан арга хэмжээ, орон нутгийн онцлог зэрэгт уялдсан ажлуудыг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлууд 1997 оноос эхлэн хийгдэж, боловсролын шинэчлэл цаашид шинэ агуулгаар баяжин хэрэгжсэнээр шинэ зуунд шилжин орсон билээ.
Шинэ зуунд шилжин орсон 2000-2001 оны хичээлийн жилийн байдлаар Завхан аймагт ерөнхий боловсролын 33 сургууль ажиллаж байсны 4 нь дунд сургуулийн харьяа бага сургууль, 17 нь 10 жилийн, 12 нь 8 жилийн сургууль байсан бөгөөд эдгээрт нийт 16556 хүүхэд суралцаж 730 багш ажиллаж байв. Нийт багшийн 40 шахам хувь нь мэргэжлийн зэрэгтэй, зөвлөх 6, тэргүүлэх 90, заах аргач зэрэгтэй 196 багш байлаа. Ардын боловсролын тэргүүний ажилтан 55 байв. 2001 оныг 1990 онтой жишихэд сургуулийн тоо 3-аар, сурагчдын тоо 19 хувиар буурсан байна. Сурагчдын тоо буурсан нь нэг талаас тус аймгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн, сургууль завсардах үзэгдэл их байгаатай холбоотой байв.
Шинэ зууны босгон дээр 1999 онд тус аймгийн Эдийн засгийн коллеж МУИС-ийн салбар Эдийн засгийн дээд сургууль болж, Хөгжим бүжгийн дунд сургууль Хөгжим бүжгийн коллеж болж тус тус өөрчлөн байгуулагдсан.
Хүүхдийн 29 цэцэрлэгт 2830 хүүхэд хүмүүжиж , 103 багш ажиллаж байсныг 1990 онтой жишихэд хүүхдийн тоо 23,5 хувиар буурсан байна. Зах зээлийн тогтолцоонд шилжихийн өмнөх ба 10 жилийн дараах үзүүлэлтийг харьцуулж байгаа болохоор сургууль цэцэрлэгийн болон тэдгээрт суралцагчийн тоонд ийм их зөрөө гарч байгаа бөгөөд харин шилжилтийн 10 жилийн эхний болон дунд үетэй харьцуулахад хоѐр зууны зааг дээрх үзүүлэлтүүд сайжирсан байгаа юм.
Шинэ зууны босгон дээр өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг 1990-ээд оны сүүлчийн хагасаас ажилласан захирал Т. Гочоо, Л. Баярсайхан (ЭОН ЧЭЦС) Б.Батдорж (Улиастайн 2-р 10 жил буюу Жавхлант цогцолбор) Л. Баярсайхан (Тосонцэнгэлийн 1-р 10 жил) Н.Дэмбэрэл (Эрдэнэхайрхан)
Д.Түвшинжаргал, Н.Пүрэвдорж (Тэсийн 10 жил) хичээлийн эрхлэгч Сэлэнгэ ( Цагаанчулуут 8 жил) М. Гүрсэд (Элдэв-Очирын нэрэмжит 10 жил) З. Пүрэвчимэд Б.Цэнд (Дэвшил) зэрэг олон удирдах ажилтан бүтээлчээр хэрэгжүүлж амжилт олсон юм.
Хоёр зууны заагаас 2000 оны сонгуулиар сонгогдсон хэд хэдэн сумын Засаг дарга иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан сумынхаа 8 жилийн сургуулийг 10 жилийн сургууль болгон өргөтгөснөөр Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан сумд шинээр бүрэн дунд сургууль бий болж, Цэцэн-Уул , Баянтэс, Тэлмэн, Идэр сумын 10 жилийн сургуулиуд ерээд оны дундуур 8 жил болсон байснаа дахин 10 жилийн сургууль сургалт хүмүүжлийн ажлаа явуулсан юм. Энэ нь нэг талаас тойргийн сургуулиудын дотуур байр хаагдаж, өөр сумаас ирсэн сурагчид байрлах газаргүй болсон, нөгөө талаас бүрэн дунд сургуультай байх нь тухайн сумын хөгжилд нөлөөтэй гэж иргэд үзсэн байна.
Шинэ зуунтай золгосон үеэс тус аймгийн багш нарын дотор залуучуудын эзлэх хувь жил бүр нэмэгдэж, сургуулиуд бүтэц үйл ажиллагаагаа өөртөө бололцоотой аргаар өөрчлөх, шинэ зүйл нэвтрүүлэх талаар эрэл хайгуул хийж зарим нэг амжилтад хүрсэн байна. Энд Б. Элдэв –Очирын нэрэмжит Чандмань- Эрдэнэ сургууль ШУТИС-тай холбоо тогтоож Лицей анги нээн хичээллүүлсэн нь сурагчдын сонирхлыг татсан байна. Сургуулийнхаа нэр хүндийг өргөх, тухайн сум сургуулийн бахархал болсон хүмүүсийг алдаршуулж, тэдний өв уламжлалаар хүүхэд залуучуудаа үлгэр дуурайл болгох зорилгоор хэд хэдэн сургууль алдар цуутай хүмүүсийн нэрэмжит болов. Мөн XXI зуун эхэлснээс хойш Завхан аймгийн боловсролын салбараас олон гавьяат, төрийн шагналт багш нар төрсөн билээ.
Манай улсын ерөнхий боловсролын тогтолцоог 11 ба 12 жилийн сургалтанд шилжүүлэх бэлтгэл ажлууд орон даяар хийгдэж байгаа үед 2007 оны 4-р сарын 27- 28-ны өдрүүдэд Монголын багш нарын анхдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод болов. Уг зөвлөгөөнөөр “Боловсролын шинэчлэл, багшийн манлайлал” гэсэн илтгэл болон 7 салбар хуралдаанаар хэлэлцсэн асуудалд тулгуурлан энэхүү зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж, уриалгыг орон нутагт сурталчилсан бөгөөд аймгийн боловсролын бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэв. Зөвлөгөөнд Завхан аймгийн боловсрол соёлын газрын дарга Ө. Чулуунбаатараар ахлуулсан 30 гаруй төлөөлөгчид оролцов.
Бага, дунд боловсролын стандарт ба киррикюлимийг хөгжүүлэх үзэл баримтлал 2002 онд батлагдан 2005 оноос шавь төвтэй сургалтын арга зүйг нэвтрүүлэхэд чиглэсэн цогц чадамжид суурилсан боловсролын шинэ стандарт үндэсний хэмжээнд хэрэгжив.
2005-2006 оны хичээлийн жилд боловсролын шинэ стандарт, сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийг зарим сургууль дээр туршин, 2006-2007 оны хичээлийн жилд хэрэгжүүлж ЕБС-ийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлсэн байна.
Монгол улсын БСШУЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (Жайка) дэмжлэгтэйгээр 2006-2009 онуудад “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төсөл, 2010 оноос “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслүүд хэрэгжүүлснээр боловсролын салбарын шинэчлэлийн үзэл санааг ЕБС-иудын үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэх үндсийг тавьсан юм. Энэхүү төсөл нь монголын боловсролын шинэчлэлд чухал ач холбогдол өгөөд зогсохгүй багшийг нэгж дээрээ хамтран хөгжих, хөгжилтэй орны боловсролын амьдралтай танилцахад олон багшийг Япон оронд сургуулийн удирдлага, багш боловсролын газрын арга зүйчдийг үе шаттайгаар явуулж япон орны боловсролын салбарын хөгжил, Сургууль нэгждээ хэрэгжүүлдэг хичээлийн судалгааны бодит байдалтай танилцаж туршлагаас нь судлан ирж өөрийн орны үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байна.
Монгол улсын БСШУЯ, судалгаат хичээлийг сургалтад нэвтрүүлэх талаар хичээлийн судалгааг “2010-2011 оны хичээлийн жилийн зорилт“-доо тодорхой тусгасан бөгөөд зорилтоор дамжуулан Монгол Улсын хэмжээнд багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тус дэм болгох чиглэлээ тодорхойлсон байна.
2006-2007 оноос эхлэн байгалийн ухаан болон нийгмийн ухааны нэгдмэл хичээлийг заасан.
2006-2015 онд “ Боловсролыг хөгжүүлэх мастер” төлөвлөгөөг баталсан. Энэ нь боловсролын салбарт ажиллагсдын үндсэн баримт бичиг болов.
Монгол улсын засгийн газрын 194 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролын сургуулиудад “Үдийн цай“ үндэсний хөтөлбөрийг баталж, “Тэтгэмж мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын 2006 оны 66 дугаар тогтоол гарсан. 2005-2006 оны хичээлийн жилд I-II анги, 2006-2007 онд I-IV ангийн сурагчдад өдөрт 300 төгрөгт багтаан үдийн цай өгөх шийдвэр гарч байлаа. 2008 оны 1 дүгээр сарын 45 тоот тогтоолоор хөтөлбөрт хамрагдах хүрээ болон үнэ өртгийг өөрчилж I-V ангийн сурагчдад 400 төгрөгөөр тооцон хөтөлбөрийг хэрэгжүүлэв. 2012 оны 10-р сарын 27 өдрийн 106 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн үдийн цайны зардлыг 2013 оны 1-р сараас эхлэн 600 төгрөгөөр тогтоон хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Их хурлын 2006 оны 89 дүгээр тогтоолоор ерөнхий боловсролыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлж 6 настай хүүхдийг сургуульд нийтээр нь элсүүлэн сургах түүхэн шийдвэр гарсан билээ.
2008 -2009 оны хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургууль 12 жилийн тогтолцоонд шилжих шилжилт үе шаттайгаар явагдаж эхлэв.
Монгол Улсын Их Хурлын 2006 оны 89 дүгээр тогтоолоор 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуульд мөрдөх боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг 2007-2008 оны хичээлийн жилд багтаан боловсруулж, батлан хэрэгжүүлж эхлэх шийдвэр гарч БСШУ- ны сайдын 2007 оны 436 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжсэн бөгөөд 2018-2019 оны хичээлийн жил нь 12 жилийн тогтолцоонд шилжүүлсэн шилжилтийн хөтөлбөрөөр хичээллэж дууссан сүүлийн жил байлаа.
.
1.6 БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕ (2010-2019)
БСШУ- ны сайдын 2014 оны А/240 тоот тушаалаар батлагдсан бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жилээс,БСШУ- ны сайдын 2015 оны А/302 тоот тушаалаар батлагдсан суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2015-2016 оны хичээлийн жилээс, БСШУ- ны сайдын 2015 оны А/301 тоот тушаалаар батлагдсан сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2015-2016 оны хичээлийн жилээс ,БСШУ- ны сайдын 2017 оны А/61 тоот тушаалаар батлагдсан бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын 30 сургууль, 40 цэцэрлэгт амжилттай хэрэгжүүлж буй боловсролын чанарын шинэчлэлийн үе юм.
Сургуулийн өмнөх болон бага, суурь бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллаж амьдрах чадвартай, иргэн болж төлөвшиж байна.
2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Хүүхэд бүрийг хөгжүүлэх- Сайн хичээл, үйл ажиллагаа”- ны улсын зөвлөгөөнд Улиастай сумын Чандмань- Эрдэнэ лаборатори сургуулийн Химийн багш Г.Дэмбэрэлмаа,Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Түүх, нийгмийн боловсролын багш Б.Баасанжаргал, Улиастай сумын ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургуулийн Дизайн, технологийн багш Н.Адьяа,Улиастай сумын Чандмань- Эрдэнэ лаборатори сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Н.Дэлгэрмаа нар оролцож, үндэсний хэмжээнд туршлагаа солилцож, технологийн санд бүртгэгдсэн байна.
Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааг бүтээлчээр удирдан явуулахад мэргэжлийн багш, удирдлага, мэргэжилтнүүд хамтран ажиллах, харилцан суралцахад чиглэсэн цэцэрлэг, сургуулийн багш нарын аймгийн “Сайн хичээл-сайн үйл ажиллагаа, сайн туршлагын технологийн сан” бүрдүүлэн ,багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017-2019 онуудад:
БСШУС- ын сайдын 2017 оны А/244 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн нэршлийн загвар батлах” , БСШУС- ын сайдын 2017 оны А/426 тоот тушаалаар батлагдсан” Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны орчин үйлчилгээг сайжруулах дунд хугацааны төлөвлөгөө”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, БСШУС- ын сайдын хамтарсан 2018 оны А/011/020 тоот тушаалаар батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах тухай”, БСШУС- ын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны А/024/11 тоот тушаалаар батлагдсан”Орон тооны жишиг норматив батлах тухай”, БСШУС- ын сайдын 2018 оны А/243 тоот тушаалаар батлагдсан “ Ерөнхий боловсролын сургууль,цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, журам”,БСУШС- ын сайдын 2018 оны А/425 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”, БСУШС- ын сайдын 2018 оны А/473 тоот тушаалаар батлагдсан “ Салбарын багш ажилтанд шагнал олгох журам”,БСУШС- ын сайдын 2018 оны А/487 тоот тушаалаар батлагдсан “Бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөр”, БСШУС- ын Сайдын 2018 оны А/762 тоот тушаал тушаалаар батлагдсан ” Ерөнхий боловсролын сургуульд кабинет лаборатори байгуулах нийтлэг журам”,БСУШС- ын сайдын 2018 оны А/812 тоот тушаалаар батлагдсан “ Мэргэжлийн зэрэг, олгох, хасах журам”, БСУШС- ын сайдын 2019 оны А/156 тоот тушаалаар батлагдсан “Суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигчдэд боловсролын бичиг баримт олгох, дүйцүүлэх журам” шинэчлэгдэн батлагдаж хэрэгжиж эхлээд байна.
2008-2019 онд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд:
Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцөлийг бий болгох, энэ чиглэлийн сургалт, судалгаа, сурталчилгааг шинэ түвшинд гаргах, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгоход чиглэсэн “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II” үндэсний хөтөлбөр /2008-2015/
Англи хэлний боловсрол эзэмших таатай нөхцөлийг бүрдүүлэх, англи хэлийг мэдээлэл, харилцаа, ажил хэргийн гол хэрэгсэл болгон хөгжүүлэхэд чиглэсэн Англи хэлний боловсролын үндэсний хөтөлбөр/2009-2020/
Бүх шатны боловсролын тогтолцооны нийгмийн шинэ шаардлагад нийцсэн тасралтгүй хөгжлийг хангаж, боловсролын үйлчилгээний хүртээмжид баримжаалсан бодлогоос боловсролын чанар, үр өгөөжийг тогтмол дээшлүүлж, үндэсний боловсролын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулан төгөлдөржүүлэхэд чиглэсэн “Боловсрол” үндэсний хөтөлбөр /2010-2021/
Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэх багшийн мэргэжил ур чадварт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэн, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Багшийн хөгжил” үндэсний хөтөлбөр /2012-2016/
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт орсон Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр /2012-2016/
Соёлын баримтат өвийн үндэсний хэмжээний бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх, баримтат өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, сурталчлахад чиглэсэн “ Соёлын баримтат өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөр/2015-2022/
Үндэсний соёл уламжлал, монгол хүний оюуны бүтээлийг инноваци, зохиогчийн эрхэд тулгуурлан эдийн засгийн эргэлтэд оруулж, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх
замаар монгол соёлын нөлөөг дэлхий нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн “Соёлын үйлдвэрлэл “үндэсний хөтөлбөр /2017-2020/
Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллынүндэсний тогтолцоог бусад салбарын оролцоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр /2017-2021/
Сонгодог урлагийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх эерэг үр нөлөөг нэмэгдүүлэх, салбар хоорондын үр дүнд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлж сонгодог урлагийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн “Сонгодог урлаг –III” үндэсний хөтөлбөр/2018-2023/
Бүх нийтэд байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн боловсрол эзэмшүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол “ үндэсний хөтөлбөр/2018-2022/
Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа монгол угсаатны олон бүлгийн соёлын биет бус өвийг олж илрүүлэх, судлах, бүртгэн баримтжуулах, хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, гадаад, дотоодод түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий ” Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөр/2019-2023/
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа түүх, соёл, шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой хадны зураг, бичээс, буган чулуун хөшөө, хүн чулуун хөшөө, тамга тэмдэг, бичээс бүхий хөшөө, амьтны дүрст чулуун дурсгал, зураг, тамга бүхий хавтан чулуун дурсгалууд зэрэг чулуун соёлын өвийг бүртгэн баримтжуулах, судалж шинжлэх, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлан таниулах, зохистой ашиглах замаар чулуун соёлын өвийн оршин тогтнох чадавхыг бэхжүүлж, хамгаалахад чиглэсэн “Чулуун соёлын өв” үндэсний хөтөлбөр/2019-2024/
Боловсролын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн сургалтын технологийн шинэчлэл,сургалтын арга зүйн хөгжил, хичээл хоорондын холбоо- багш нарын хамтын ажиллагаа, боловсролын агуулгын стандарт, сурлагын амжилтын үнэлгээ, үндэсний хөтөлбөрүүд, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга технологи, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх арга зэрэг арга зүйн олон шинэчлэл нь багшаас сургалтын цөм хөтөлбөр, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн , багшийн арга зүйг дэмжсэн БШУЯ, ЖАЙКА – аас хамтран хэрэгжүүлж буй “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл /2010-2013 /
Японы Платформ байгууллагын санхүүжилттэй хөдөөгийн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх зорилготой ”Зудад өртсөн малчдын хүүхдүүдэд боловсролын дэмжлэг үзүүлэх, сургуульд түшиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг бэхжүүлэх” төсөл /2017-2018/
Бага боловсролын эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх замаар бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилго бүхий “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл/ 2015-2019/
Эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалт нь сайжирсан, хүүхдийн эсэн мэнд амьдрахад агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах, эрүүл, чанартай сургалтын орчин дахь боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй тогтолцоог бий болгох чадавхыг нэмэгдүүлэх зорилго бүхий НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр/2017-2021/
Монгол-Япон улсын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу БСШУСЯ- аас хэрэгжүүлж буй Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцах сонирхолтой Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөөс оюутан элсүүлж, суралцуулах зорилго бүхий “ Инженер технологийн дээд боловсрол” төсөл /2015-2019/
Жишиг болохуйц дотуур байрны орчин нөхцөлийг сайжруулах зорилготой Азийн хөгжлийн банкны “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл /2017-2019/
БНСУ- ын Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага/ KOICA/- ын санхүүжилтээр НҮБ- ын Хүүхдийн Сантай хамтран “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөнд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл /2019-2021/ зэрэг олон улсын болон үндэсний төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, үр дүнг тооцон , салбар нэгжүүдийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Миний бие Жамган овогтой Чулуунбаатар Завхан аймгийн Цэцэн-уул сумын уугуул. Радио холбооны инженер мэргэжилтэй.
1992 оны 3-р сарын эхээр аймгийн Сургалт арга зүйн төвд анхны мэдээлэл зүй, тооцон бодох инженер багшаар ажиллаж байсан түүхтэй. Энэ үед Сургалт арга зүйн төвийн захирлаар Монгол улсын гавьяат багш, доктор Р.Маабазар багш маань ажиллаж байсан. Мөн сургалт арга зүйн төвд тухайн үеийн шилдэг сурган хүмүүжүүлэгч багш, арга зүйчидтэй хамтран ажиллаж байсанаараа би одоо бахархаж байна. Тухайлбал манай Дашдондог, Дэмбэрэл, Чанцал, Ламрагчаа, Гүрсэд, Түмэн-өлзий, Арцэд гэсэн шилдэг багш нар ажиллаж байсан юм. Миний хувьд өнөөгийн мэдээлэл технилогийн эрин үеийн эрчимтэй хөгжих эхлэл тавигдаж байсан тэр мөчид мэдээлэл зүй, техник технологийн чиглэлээр ажиллах завшаан тохиож байлаа.
Тухай үед Завхан аймгийн хэмжээнд анхны Pentium 286 компьютер зөвхөн манай заах арга зүйн төвд байдаг байсан. Бид тэр компьютерийг ашиглаж зарим мэдээлэл, арга зүйн зөвлөлгөөний материалын эхийг бэлтгэж, матрицан хэвлэгчээр хэвлэн гаргадаг байсан. Тэгээд түүнийгээ барлан олшируулж сургуулиудад тараадаг байлаа.
Хамгийн дурсамжтай зүйл бол аймагтаа анхны мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулж байсан. Тэр үед Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн Насанбуян багш мэдээлэл зүйн олимпиадад сурагчидаа маш сайн бэлтгэж оролцдог байсныг сайн санаж байна.
Тэр үед миний мэдээлэл зүйн олимпиадад чадан ядан бэлтгэж байсан анхны шавь T. Баяржавхлан, Ш.Энхболд нар маань одоо монголын мэдээлэл технилогийн түүчээ болон ажиллаж байна.
Би энэ хамт олон, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нартай хамт ажиллаж байсны ач буянаар Завхан аймгийн Өсвөрийн Залуу Зохион Бүтээгчидийн сургууль, Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р дунд сургууль, Монгол Улсын Их сургуулийн Завхан дахь Эдийн Засгийн Дээд Сургууль болон Монголын Цахилгаан Холбоо Компанийн Сургалтын төв зэрэг сургалтын байгууллагуудад мэдээлэл технологийн багшаар ажиллаж байсан сайхан дурсамжууд байна.