НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Ээлтэй сургууль” төсөлд Завхан аймгийн Улиастай сумын ерөнхий боловсролын Жавхлант цогцолбор сургууль, Их-Уул, Түдэвтэй, Цэцэн-Уул сумдын ерөнхий боловсролын сургуулиуд сонгогдож, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд сургуулийн удирдлага, багш ажилтнууд, үе тэнгийн сургагч багш нарын төлөөллийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
БЕГ-ын мэргэжилтэн Д.Отгонтуяа, Д.Төмөр-очир, БГ-ын мэргэжилтэн Ц.Чимэдрэгзэн нар сургалтыг удирдан явуулж байна.
Сургалтаар ерөнхий боловсролын сургуулийн цахим аюулгүй байдал, сэтгэл зүйн орчин, төгсөлтийн өмнөх үеийн сэтгэл зүй, эрүүл мэнд болон санхүү, эрх зүй, үе тэнгийн сургалтын хэрэглээ, үе тэнгийн боловсролын онцлог, шилжилтийн үеийн сэтгэл зүйн талаарх өөрийн үнэлгээг бодитой тодорхойлж дүн шинжилгээ хийлээ.
Ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд тулгамдсан асуудлаа тодорхойлж, асуудлын шийдлийг хэлэлцэж, үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хувилбарыг боловсрууллаа.
Энэхүү төслөөр сургуулийн материаллаг орчноос илүүтэй сэтгэл зүйн болон цахим аюулгүй байдлын орчныг чухалчилж, үе тэнгийн сургагч багш нараар дамжуулан эерэг нөлөөллийн үйл ажиллагаа, төгсөлтийн өмнөх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Сургуулийн багш ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдын хэрэгцээг мэдэрсэн, цаг үеэ олсон төсөл хэрэгжиж байгаад талархаж байгаагаа оролцогчид онцолж байна.



